2012-06-13,12:45

Судлах агуулгын судалгаа

1. Судлах агуулгын судалгаа

Та хичээлийнхээ агуулгын судалгааг хэрхэн хийдэг вэ? Сурах бичгээс гадна ямар их сурвалжууд ашигладаг вэ?

Багш хүн өөрийн мэргэжлийн мэдлэг, заах арга зүйн ур чадвараа дээшлүүлэн хөгжүүлж байх шаардлагатай билээ. Үүнийг заавал албан ёсны, төвлөрсөн сургалтад хамрагдах замаар бус, хичээл заах явцдаа өөрийн багшлахуйн үйлдээ судалгааны үүднээс хандсан эргэцүүлэл хийж, бүтээлчээр хандсанаар багш хөгжих бүрэн боломж байдгийг манай улсын болон бусад орны олон хөдөлмөрч, туршлагатай, шинийг санаачлагч, судлаач багш нарын уйгагүй үйл ажиллагаа харуулж байдаг. Тиймээс өөрийнхөө заах арга зүйг улам төгөлдөршүүлэх талаар багш байнга санаа тавин ажиллах хэрэгтэй юм.

Хичээлийн бэлтгэл судалгааны аль ч алхам нь тухайн хичээлийн хүрээнд тавьсан зорилго, зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд чиглэсэн төлөвлөлт хийхэд чиглэнэ. Тиймээс хичээлийг зорилго, зорилтыг биелүүлж, үр дүнг нь хичээл (нэгж, ээлжит, нийт хичээлийн төгсгөлд)-ийн төгсгөлд тооцож болохоор тодорхойлж өгөхөд багш онцгой анхаарах хэрэгтэй. Багш тухайн хичээлийн зорилго, зорилтын биелэлтийг асуулт, даалгавар, бодлого, үнэлгээний материалаар илрүүлэх боломжтой байхаар томъёохыг хичээх хэрэгтэй. Хичээлийн зорилго, зорилтыг ингэж томъёолохыг хэмжигдэхүйцээр тодорхойллоо гэдэг.


Багш тухайн сэдвийг өмнө нь зааж байсан, байгаагүйгээс үл хамаааран хичээлийн агуулгаа дахин боловсруулж, агуулгын бэлтгэлтэй уялдуулан түүнийг хэрэгжүүлэх арга зүйгээ шинээр төлөвлөнө. Багш хичээлийн агуулгыг боловсруулахдаа дан ганц сурах бичиг дэх агуулгыг ашиглахаар хязгаарлах бус бусад олон эх үүсвэрийг ашиглан боловсруулах шаардлагатай.


Тиймээс судлагдахуун, агуулгаа ямар эх сурвалжаас, ямар хэл дээрх материалыг ашиглан, хэрхэн боловсруулалт хийж, хэрхэн өөрийн болгох вэ?, ямар хэрэглэгдэхүүн бэлтгэх вэ? гэсэн асуултуудыг өөртөө тавьж судалгааны өнцгөөс харан боловсруулах нь хичээлийн бэлтгэл, хөтөлбөрийн судалгаанд ихээхэн чухал. Тухайлбал, гадаад (Англи, Орос, Япон гэх мэт) хэл дээрх заах арга зүйн материал, судалгааны өгүүлэл, интернэтийн агуулгын академик эх үүсвэр буюу мэдээллийн сан, CDROM, DVDROM болон бусад цахим эх үүсвэр, ном, сонин, арга зүйн сэтгүүл гэх мэт судалгааны материалуудыг ашиглан хичээлийнхээ боловсруулах нь зүйтэй.


Хичээлийн судлах агуулгын судалгаа нь бүлэг сэдэв буюу нэгж хичээлийн тогтолцооны байгууламж дотор ээлжит хичээлийн агуулгын залгамж холбоог нарийн тооцон үзнэ. Хичээлийн агуулга нь өмнөх болон дараагийн хичээлтэй хэрхэн холбогдох нь хичээлийн хөтөлбөрт товч тусгагдсан байдаг боловч энэхүү товч тодорхойлолтоор хязгаарлаж болохгүй. Мөн бусад нэгж хичээлүүдтэй холбогдох холбоог ч нарийн тооцож агуулгаа тодорхойлно. Хичээлийн агуулгын тогтолцоог нарийн тодорхойлсноор суралцагчдын шинэ мэдлэг бүтээн туурвихын тулд зайлшгүй гүйцэтгэх үйлийн баримжаа тодорч хичээлийг үр дүнтэй зохион байгуулах боломж бүрдэх ба хичээлийн агуулгын шинжилгээний гол ач холбогдол үүнд оршино.


Жишээлбэл: “Мэдээллийн процесс” гэсэн ухагдахууныг заахын тулд энэ нэр томьёоны түүхэн хөгжил, хэрэгцээ шаардлага, информатикийн шинжлэх ухаан дах процессын  тухай ойлголтыг олон талаас нь судлахаас гадна, энэ үг хэллэгийн амьдрал ахуй дахь хэлбэр, мэдээллийн тухай, процессын тухай ахуй амьдралаас олж авдаг андуу ташаа төсөөлөл, хүүхдэд мэдээллийн тухай ойлголтыг төлөвшүүлэхэд тохиолддог бэрхшээл, процессын тухай ойлголтыг хэрхэн гүнзгийрүүлэх вэ, хүний амьдралд мэдээллийн процессын тухай ойлголтын хэрэгцээ, мэдээлэл гэсэн ухагдахууныг олгож ирсэн уламжлал, бусад ямар ухагдахуунуудтай уялдаа холбоотой вэ? гэх мэтээр уг асуудлыг тойруулан олон талаас нь судлан агуулгын шинжилгээг хийнэ. Энэ бол хичээлийн бэлтгэл судалгааны нэг чухал хэсэг нь юм. Энэ бүхний дараа мэдээллийн процесс хичээлийн хүүхдүүдэд заах агуулга бэлтгэл ажлын хүрээнд тодорхой болох юм. Хичээлийн агуулгын судалгаанд шинжлэх ухааны агуулгыг буулгах буюу агуулгыг хүүхдийн нас сэтгэхүйн түвшинд тохируулан элементарчлах асуудлыг чухлаар тавих хэрэгтэй.  Элементарчлал нь агуулгыг яаж хүүхдэд энгийн ойлгомжтой болгох вэ? Тухайн насны хүүхдүүд ямар үг хэллэг хэрэглэж байна вэ? Ямар нэр томьёо, үг хэллэг хэрэглэж ярих нь зүйтэй вэ? Агуулгын шинжлэх ухаанч чанарыг нь алдагдуулахгүйгээр хэрхэн хялбар энгийн болгох вэ? гэдэг асуудлыг арга зүйн үүднээс шийдэж өгөхөд чиглэнэ. Элементарчилахын тулд багш судлагдахуунаа сайн мэдэж байхаас гадна сайн арга зүйч байх ёстой. Профессор Дуит “Шинжлэх ухааны агуулга, хичээлийн агуулга хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй” гэсэн нь элементарчлалын ач холбогдлыг тодруулсан хэрэг юм.
Хичээлийн агуулгыг суралцагчийн сонирхол, нас сэтгэхүйн онцлог, үндэсний онцлог ёс заншил, бахархал, орон нутгийн онцлог, амьдрал практиктай холбоотой жишээгээр баяжуулан, цаашилбал, бусад хичээлийн агуулга, тогтвортой хөгжил, экологи, хүний эрхийн боловсролтой холбон гаргахад анхаарч бэлтгэх хэрэгтэй. Тухайлбал, 9 дүгээр ангид судлах “Хайлтын системийн хэрэглээ” хичээл дээр оршин суугаа нутгийнхаа талаар, Мянганы суут хүн Чингис хааны талаар, Монгол орны цэвэр усны нөөц, орон нутгийнхаа гол, мөрөн, рашаан ус, цэвэр усаа ариг гамтай зарцуулах тухай гэх мэдээллийг хайж олох, түүнийгээ сонирхолтой хэлбэрээр бусаддаа илэрхийлэх зэргээр төлөвлөж болно.


Хичээлийн агуулгын судалгааг өөрийн нөөц боломжид тулгуурлан маш сайн хийх хэрэгтэй. Хэрэв та интернэттэй бол интернэтийн арвин их мэдээллийн санг ашиглахаа мартаж болохгүй.

Энхээ
бичсэн: PEACE төрөл: Зөвлөгөө | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 819

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)