Багшлахуйн арга барилын судалгаа
3. Багшлахуйн арга барилын судалгаа
Та хичээлээ ихэвчлэн ямар арга зүйгээр явуулдаг вэ? Сэдэв, хичээл дээр үүссэн тооцоолоогүй асуудлаас хамаарч таны арга зүй өөрчлөгддөг үү?
Багшлахуйн арга барилын судалгаа нь хичээл заадаг арга гэсэн уламжлалт багш төвт аргын үүднээс биш, хичээлийг зохион байгуулах, суралцагчийн суралцах үйл ажиллагааг удирдан хөтлөх, мэдлэгийг тэднээр бүтээлгэх гэсэн арга, хандлагаар ойлгох нь зүйтэй юм. Тухайн хичээлийг ямар зорилго, зорилт тавьж, түүнийгээ биелүүлэхийн тулд хэрхэн хөтөлж, ямар хэлбэрээр зохион байгуулбал илүү сонирхолтой, ойлгомжтой болох вэ?, хичээлийн гол хэсэгт суралцагчдын анхаарлыг хэрхэн хандуулж, мэдлэг бүтээлгэх үйлийг хэрхэн хөтлөх вэ? гэдгийг багш нарийн тооцож хичээлийн арга зүйгээ төлөвлөх хэрэгтэй. Мөн ямар туршилтыг хичээлийн аль хэсэгт хийх вэ, хэрхэн хийх вэ, юуг чухалчлан үзэх вэ, тооцсон болон тооцоолоогүй ямар үр дүнд хүрч болох вэ гэдгийг тооцон төлөвлөнө.
Хичээлийн явцад хүүхдүүд сургалтад хэрхэн хандаж болох вэ, юу алдаж болох вэ, үүнийг хэрхэн залруулж зөв чиглүүлэх вэ гэх зэрэг асуудлыг хичээлийн агуулга, арга зүйн төлөвлөлтийн явцад тооцож үзснээр хичээлийг үр дүнтэй явуулах үндэс болно. Хичээлийн арга зүйн төлөвлөлт нь өмнөх хичээлийн суралцагчийн мэдлэг эзэмшилтын судалгааны үр дүнг тооцон үзэхээс гадна уг хичээлийн суралцагчийн мэдлэг эзэмшилтын судалгааны гол анхаарлаа хандуулах зүйл (суралцагчийн ганцаарчилсан ажиллагаа, багийн ажлаар үүргээ биелүүлж байгаа байдал, ...)-ийг тодруулж өгнө.
Багш өөрийн заах арга зүйгээ хөгжүүлэхийн тулд хичээл нэг бүр дээрх арга зүйн судалгаагаа тасралтгүй хийж, ингэснээр ажлын байран бие дээрээ даан хөгжиж, судалгааны ажил арга барилд суралцахаас гадна хамгийн гол нь сургалтын үр дүн дээшлэх болно.
Заах арга зүйн судалгаа нь хичээл зааж байгаа ангийн суралцагчдын сурлагын амжилтын тоон үзүүлэлтийг хувилж харуулах төдий зүйл биш, харин багш хичээлийг үр дүнтэй явуулахад туслах заах арга зүйгээ бий болгож буй хэрэг юм. Иймээс багшлахуйн арга зүйн судалгаа нь багш арга зүйгээ байнга сайжруулан хөгжүүлэх, хичээл нэг бүрийн онцлогоос хамааруулан заах арга зүйгээ оновчтой сонгон хичээлээ хүүхдийн хөгжлийг дэмжихүйцээр явуулах чадварт суралцахад туслах болно.
Багш ээлжит хичээлийн арга зүйгээ төлөвлөхдөө:
- Тухайн хичээлийн судлагдахуун, агуулга, хэрэглээтэй уялдуулан төлөвлөх
- Суралцагчийг идэвхжүүлэх
- Суралцагчийн суралцах үйлийг чиглүүлэх
- Суралцагчийн мэдлэг бүтээх үйлийг дэмжихээр сонгон авах нь чухал.