2012-06-13,12:52

Үнэлгээний судалгаа

5. Үнэлгээний судалгаа
-    Үнэлгээний судалгаа гэдгийг та хэрхэн төсөөлж байна вэ? Суралцагчдын сурлагын дүн нь багшийн үйл ажиллагааны нэг үнэлгээ болдог гэдэгтэй та санал нийдэг үү?


Сургалтын үйл ажиллагааны салшгүй нэг чухал хэсэг бол үнэлгээ билээ. Үнэлгээ нь суралцагчийн суралцах үйл ажиллагаанд гарч байгаа өөрчлөлтийг илрүүлээд зогсохгүй, багшийн сургалтын ажлын нэг үзүүлэлт болно. Сургалтад үнэлгээний судалгаа нь нэг талаас суралцагчид дүн тавих зорилготой байдаг боловч нөгөө талаас багш өөрийн сургалтын ажлаа бодитойгоор илрүүлэх боломжийг багшид олгож байдаг гэдгийг энэхүү судалгаанд тооцож үзэх нь зүйтэй. Үнэлгээний материалын судалгаа нь агуулга, арга зүйн судалгаатай нягт уялдаатай хийгдэнэ. Үнэлгээний материалыг боловсруулахдаа суралцагч нэг бүрд гарч байгаа ахиц дэвшил, сурах арга барилын өөрчлөлтийг бодитойгоор илрүүлэхэд анхаарах ёстой. Үнэлгээ нь сургалтын зорилго, зорилтын хүрээнд суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадвар, хандлагыг тодорхойлох хэрэглэгдэхүүн, нөгөө талаас хичээлийн дидактик зорилго хэрхэн хангагдсаныг үнэлэх шалгуур болох учиртай.


Хичээлийн үнэлгээнд дараах зүйлүүдийг тооцох хэрэгтэй. Үүнд:
•    Суралцагчдын сонирхол, идэвх, хандлага
•    Суралцагчийг сэдэлжүүлэх, шинэ санааг хөхүүлэн дэмжих
•    Сэтгэн бодох чадварын хөгжлийг илрүүлэх
•    Илэрхийлэх, тооцоолох чадварыг хөгжүүлэх, илрүүлэх
•    Мэдлэг эзэмшилтийн төвшинг илрүүлэх

Хичээлийн үнэлгээг хийхдээ үнэлгээний материал боловсруулан ашиглана. Энэхүү үнэлгээний материал нь суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварыг илрүүлэхээс гадна хичээлийн зорилго зорилт хэрхэн биелэснийг тодорхойлж өгдөг учраас үнэлгээний материалыг боловсруулахдаа хичээл (нэгж, ээлжит, нийт хичээл)-ийн зорилго зорилттой уялдуулан боловсруулахыг зорих хэрэгтэй.


Үнэлгээний асуултууд дараах шаардлагыг хангаж байх хэрэгтэй бөгөөд эдгээр нь үнэлгээний асуултын шалгуур болдог. Үүнд:
•    Асуулт нь сургалтын материалын зорилго, зорилтонд тодорхойлсон мэдлэг, чадвар, дадлын үр дүнг үнэлэхэд зориулагдсан байх
•    Хариулт нь сургалтын материалын агуулгад орсон байх.
•    Асуулт нь тухайн асуудлын утга учрыг бүрэн илэрхийлсэн байх
•    Асуулт нь утга төгөлдөр бөгөөд хариултыг хичээлийн эхээс шууд хуулахааргүй байх
•    Асуулт нь ойлгомжтой, богино, шууд утгатай байхаар томъёологдсон байх
•    Асуулт нь захиран тушаасан биш зөөлөн хэлбэртэй байх
•    Хариултын хувилбарууд асуулттайгаа төлөв байдал, нэр томъёоны хувьд хамааралтай байна.
•    Хариултын хувилбарууд нь ойролцоо утгатай байх
•    Асуулт нь нэг утгатай тодорхойлогдсон бөгөөд түүнд харгалзах зөв хариулт заавал байх
•    Асуултанд хэрэглэж байгаа үгс, зөв хариулт уруу хөтлөх буюу зөв хариултыг шууд мэдэх боломж олгохгүй байхаар илэрхийлэгдсэн байх
•    Асуултанд суралцагчийн хүйстэй холбоотой хандлага гаргаагүй байх
•    Асуулт логикийн алдаагүй томъёологдсон байх
•    Асуулт шаардлагагүй тохиолдолд давуу зэргийг илтгэх үг, илэрхийлэл агуулаагүй байх
•    Хариултын хувилбаруудад “үргэлж”, “хэзээ ч” гэх үгс байхгүй байна.
•    Асуулт болон хариултын хувилбаруудад электрон материалаас авсан эх байхгүй байна. Асуултын бүх хэсгүүд нь дасгалын ажлын хэл дээр бичигдсэн байна. Мөн суралцагч хариултандаа сурах бичгийн агуулгын эх дотроос авсан текст ашиглахааргүй байна.
1.    Хариултын хувилбарт “дээрхээс аль нь ч биш”, “дээрх дурьдсан бүгд зөв” гэх мэт хариултууд байхгүй байна.
2.    Асуулт болон хариултад “үүнээс гадна”, үгүйсгэх буюу “үгүй” гэх зэрэг үг хэрэглээгүй байна.
3.    Хариултуудад “А, Б хоёул зөв”, “А ч биш, Б ч биш” гэх хувилбарууд байхгүй байна.
 


Энхээ
бичсэн: PEACE төрөл: Зөвлөгөө | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 1158

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)