2012-06-13,12:47

Мэдлэг эзэмших үйл явцын судалгаа

2. Мэдлэг эзэмших үйл явцын судалгаа

Суралцагчийн мэдлэг эзэмших үйл явцын судалгаа гэдгийг та хэрхэн төсөөлж байна вэ?
Багш өмнө заасан хичээлийн үр дүнг тооцон дараагийн заах хичээлийн агуулга, арга зүйн төлөвлөлтийг хийнэ. Үүний тулд өмнөх хичээлийг заах явцын мэдлэг эзэмшилтийн үйл явцын судалгааг нарийн сайн хийсэн байвал зохино.


Өөрөөр хэлбэл, хичээлийн өмнөх холбоонд мэдлэг чадварын бэлтгэлийг тодорхойлж, түүнийхээ хэрэгжилтэд судалгаа хийн үр дүнг одоо заах хичээлийнхээ агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүнээ боловсруулахдаа харгалзан үзнэ. Мэдлэг эзэмшилтийн явцын судалгаа гэдгийг хүүхдийн танин мэдэх үйл ажиллагааг судална гэж ойлгохоос бус тухайн судлагдахууныг ойлгосон, дутуу ойлгосон болон ойлгоогүй хүүхдийг тодруулж, тоон үнэлгээ өгч, анхааруулах гэж ойлгож болохгүй. Хичээл сургалтын явцад хүүхдийн үг хэл яриа, сонирхол, байр суурь, хандлагад чухамхүү ямар өөрчлөлт гарч мэдлэг чадварт тусаж байгааг ажиглан судлах нь багш хүнд ихээхэн чухал юм. Мэдлэг эзэмших үйл явцын судалгааг багш хичээл заахын хажуугаар бүрэн дүүрэн хийж чадахгүй учраас мэргэжил нэгт бусад багш нартайгаа хамтран ажиллана. Мэдлэг эзэмшилтийн судалгаа хийхдээ ижил хичээл зааж байгаа багш нар, бие биеийнхээ хичээлийн явц, арга зүйн хэрэгжилт, тэр дундаа суралцагч нэг бүрийн мэдлэг эзэмшилтийг өмнө  бэлтгэсэн шалгуурын дагуу үнэлгээ өгч, хичээлийн дараа хамтарсан ярилцлага зохион байгуулж, хэлэлцдэг, дараагийн хичээлийн бэлтгэл судалгаанд үүнийгээ ашигладаг байх нь зүйтэй.


Хичээлийн бэлтгэл судалгааны бүрдэл хэсэг болох суралцагийн мэдлэг эзэмших үйл явцын судалгаанд хичээлийг зохион байгуулах явцын дидактик хэсэг бүрд суралцагч (суралцагч нэг бүрийн онцлогт тохируулан төлөвлөж, чанарын өөрчлөлтийг тооцох)-ийн эзэмших мэдлэг, чадварыг тооцон төлөвлөж, түүний биелэлтэд шинжилгээ хийн, үр дүнг дараагийн хичээлийн бэлтгэл судалгаанд ашиглаж байх хэрэгтэй.


Япон багш нар хүүхэд нэг бүрт ажиглалт тэмдэглэл хөтөлж юу чадаж мэдэж байгаа, юунд бүдэрч байгаа, хүүхдийн хөгжилд ямар өөрчлөлт гарч байгааг судалж хичээлдээ тооцдог байна. Ялангуяа сургалтын явцад хүүхдэд ямар бэрхшээл учирч энэ нь юутай холбоотой гарч байгааг таньж мэдэх нь ихээхэн чухал байдаг байна. Эндээс хүүхдийн алдааг таньж мэдэх, шалтгааныг олж тогтоох, зөв оншлох, эрт залруулах эхлэл тавигдана.


Хичээлийн бэлтгэл судалгаанд тухайн хичээлийг заах явцад суралцагчийн гаргаж болох алдааг тооцон төлөвлөнө. Суралцагчийн гаргаж болох алдаа нь тэдний өмнөх төсөөлөл буюу амьдрал практикаас олж авсан буруу төсөөлөл (mis-conception), хүүхдийн тухайн үед гаргаж буй санаа (conception), үзэл бодол (concept), мөн багшийн гаргаж буй алдаанаас үүдэн гардаг. Тиймээс суралцагчийн гаргаж буй алдаа нь тэдний суралцах явцад гарч буй сэтгэн бодох үйл ажиллагаанд гарч байгаа бага зэргийн хазайлтаас шалтгаалан суралцагчийн чадвар илрэхгүй байгаа болохыг багш ойлгох хэрэгтэй бөгөөд алдаа гарах болсон шалтгааныг олж, аль болох түргэн залруулах хэрэгтэй. Суралцагчийн анхны төсөөлөл үнэнд үл нийцэхээр байж болох боловч түүнийг залруулан зөв болгох нь сургалтын нэгэн зорилго билээ. Суралцагчийн гаргаж байгаа алдааны шалтгааныг түүнээс хайх бус өөрийг хичээлийн чанар, заах арга зүйтэй холбон авч үзэх нь багш хөгжих нэг үндэс болно.


Мэдлэг эзэмших үйл явцын судалгаа нь суралцагчдын тухайн үеийн мэдлэг, чадварын төвшинг хичээлийн бэлтгэл судалгаанд тооцох тухай асуудал бөгөөд багшид хичээлийн чанарыг сайжруулах дараах давуу талуудыг олгодог. Үүнд:
•    Мэдлэг бүтээх үйл явцыг тооцож, урьдчилан төлөвлөх, түүнийгээ хэрэгжүүлэх
•    Багш хичээлээ улам үр дүнтэй болгоход чиглэдэг
•    Баг хамтлагаараа хамтран тухайн хичээлийг заах арга зүйг судлах, сайжруулах
Тиймээс хичээлдээ бэлтгэхдээ дараах зүйлүүдийг тооцож үзэх хэрэгтэй. Үүнд:
•    Хичээлийн агуулгыг судлахад суурь болох мэдлэг, чадварыг хүүхдүүд эзэмшсэн эсэх
•    Хичээлийн агуулга хүүхдийн хөгжлийн төвшинд таарч байгаа эсэх
•    Хичээлийн явцад хүүхдээр хэрхэн мэдлэг бүтээлгэхэд анхаарах
Хүүхдэд учирч болох бэрхшээл, түүнийг даван туулах дидактик шийдлийг төлөвлөхдөө дараах зүйлүүдийн харгалзан үзнэ. Үүнд:
•    Агуулгаа тодорхойлохдоо суралцагчийн нас сэтгэхүйн онцлогт тохируулах
•    Хүүхдийн үг хэллэг ярианы төвшинг тооцох
•    Сонирхол байр суурь, хандлагыг тооцох
•    Хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд нийцэх эсэхийг тооцох

Энхээ

бичсэн: PEACE төрөл: Зөвлөгөө | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 914

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)