2012-06-13,12:51

Хэрэглэгдэхүүний судалгаа

4. Хэрэглэгдэхүүний судалгаа
Сургалтын хэрэглэгдэхүүн нь хичээлийг амжилттай хэрэгжүүлэхэд зориулагдсан агуулга арга зүйтэй уялдаатай дидактик бүтээгдэхүүн юм. Энэ тодорхойлолттой та санал нийлэх үү? Та сургалтын хэрэглэгдэхүүнээ бэлтгэн хичээлдээ хэрэглэсэн үр дүндээ тулгуурлан түүнийгээр сайжруулдаг уу?


Багш сургалтын үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж, хүүхдийн мэдлэг бүтээх үйлийг оновчтой удирдахад хичээлийн агуулга, арга зүйгээ оновчтой төлөвлөсөн байхаас гадна арга зүйгээ дэмжихээр боловсруулсан сургалтын хэрэглэгдэхүүн чухал үүрэгтэй. Тиймээс хичээлийн бэлтгэл судалгаанд сургалтын хэрэглэгдэхүүний судалгаа чухал байр суурь эзэлдэг.


Хэрэглэгдэхүүн бэлтгэхэд дидактик боловсруулалт ихээхэн чухал. Тухайлбал, агуулгын илэрхийлэл, харагдах байдал, өнгөний зохицол гэх мэт олон талаараа дидактик шаардлагад нийцэж байхаас гадна илэрхийлж буй ухагдахуунаа элдэв чимэггүйгээр суралцагчид шууд ойлгогдохоор илэрхийлсэн байх ёстой. Хичээлийн агуулга, арга зүй, суралцагчийн нас сэтгэхүй, тэдний мэдлэг бүтээх ажиллагаанд зохицохуйц цахим болон хэвлэмэл хэрэглэгдэхүүн боловсруулж хэрэглэх нь хичээлийг амжилттай зохион байгуулах үндэс болно.
Сургалтын цахим материал гэдэг нь нэг талаас суралцагчийн суралцах, нөгөө талаас багшийн багшлах арга зүйг дэмжихээр боловсруулсан сургалтын материалыг ойлгож байна. Орчин үеийн МХТ ашигласан сургалт ийм нөхцөлийг хангасан цахим материал бүтээх шаардлагыг бий болгож байна.


Сургалтын материал бий болгох талаар эрдэмтэн, судлаачдын гаргасан зөвлөмж, заавар, арга зүй цөөнгүй байдгаас Голландын Твантегийн их сургуулийн “заах арга зүй, технологи”-ийн факультет дор дурдсан 10 алхмыг дагаж мөрдөхийг зөвлөмж болгосон байдаг. Энэ арван алхам нь интернэтэд суурилсан сургалтын цахим материал бий болгоход зориулагдсан. Үүнд:

1.    •    Хэрэгцээ зорилгоо тодорхойлох

2.    •    Сургалтын хэрэгцээт материалаа цуглуулах

3.    •    Сургалтын агуулгаа зорилгод үндэслэн тодорхойлох

4.    •    Сургалтын үйл явцыг зохион байгуулах санааг дэвшүүлэх

5.    •    Зохиомж, төсөл боловсруулах

6.    •    Сургалтын цахим материал хэрэгжүүлэх үйл явцыг зохион байгуулах

7.    •    Сургалтыг амжилттай явуулах арга зүйн шаардлагыг хангасан дэлгэцийн загвар бэлтгэх

8.    •    Хичээлээ боловсруулах

9.    •    Нэмэлт шаардлагатай материалуудыг бэлтгэх (заалт, заавар, тусламж гэх мэт)

10. •    Үнэлгээ туршилт хийж, сургалтын цахим материалыг бүрэн гүйцэд боловсруулах

Сургалтын цахим материал боловсруулах нь системтэй үйл ажиллагаа бөгөөд түүнийг бүтээхэд зааварчилгааны дизайны онолыг ашиглах нь зохимжтой. Уг онол, арга зүйгээр сургалтын цахим материал боловсруулах үйл нь дор дурьдсан таван алхмаар хийгдэх ба үүнийг сургалтын цахим материал бүтээх таван шат гэдэг [6]. Үүнд:

· Шинжилгээ (Analyses). Сургалтын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох (хэрэгцээний шинжилгээ), сургалтын зорилгыг тодорхойлох (зорилгын шинжилгээ), сургалт явагдах орчин нөхцөлийг тодруулах  (нөхцөл байдлын шинжилгээ);

· Сургалтын цахим материалын зохиомжийн төлөвлөлт хийх (Design). Цахим материал бүтээх төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай загваруудыг бүтээх, шийдлийг тогтоох, зарим шаардлагатай зохиомж бий болгох;

· Төлөвлөлтийн дагуу сургалтын цахим материал боловсруулах (Develop). төлөвлөлт, шийдэл, загварыг ашиглан сургалтын цахим материалаа боловсруулах;

· Нэвтрүүлэх буюу хэрэгжүүлэх (Implement). Сургалтын цахим материалыг сургалтад хэрэглэх, турших;

· Өөрийн үнэлгээ эргэцүүлэл, үнэлгээ өгч хөгжүүлэн сайжруулах (Expand). Сургалтын цахим хэрэглэн явуулсан сургалтын үр дүнд шинжилгээ хийж засварлах. Үнэлгээ нь үйл ажиллагааны бүхий л шатанд хийгдэнэ.

Эдгээр таван алхам нь сургалтын цахим материал бүтээх үйл ажиллагааны дарааллыг тогтоож өгдөг. Сургалтын цахим материал бүтээх үйл нь багшаас агуулга, арга зүйн материалаа тасралтгүй сайжруулж байхыг шаардаж байдаг [7]. Үүнд:

· Тухайн хичээлийн агуулга, арга зүйтэй холбоотой шинэ мэдээлэл, баримт цуглуулах (Evidence)

· Эргэцүүлэл хийж, агуулга арга зүйгээ сайжруулах үйл төлөвлөн явуулах (Reflection)

· Үйлийн үр дүнд өөрийн үнэлгээ хийж шинэ үйл төлөвлөх (Self Evaluation)

Сургалтын цахим материал нь цахим цүнх (Electronic Portfolio) бий болгох үндсийг бүрдүүлж өгнө. Цахим цүнх нь МХТ-т суурилсан болон МХТ ашигласан сургалтад хэрэглэх агуулга арга зүйн материалын иж бүрдлийг бий болгож байгаа бөгөөд цахим цүнх нь бичвэр, цахим файл, зураг, мультимедиа, сургалтын блог болон холбоосуудыг агуулах ба түүнийг цуглуулах, удирдах боломжийг уг иж бүрдлийг бүрдүүлэгчид олгодог.
Цахим цүнхний иж бүрдэл болох цахим дидактик материалыг дараах зорилгоор бүтээж байна. Үүнд:

· Багш заах хичээлийнхээ агуулга арга зүйгээ дэмжихэд ашиглах материал

· Танилцуулга

· Тоглоом

· Үнэлгээний материал

·  ...

· Суралцагч бие даан ашиглах материал гэх мэт

Дээрх арга зүй зөвлөмжүүдээс үндэслэн сургалтын цахим бүтээгдэхүүн боловсруулах нь зурагт үзүүлсэн цикл шинжтэй үйл ажиллагаа юм.

Багшийн ашиглах дидактик материал нь хичээлийн агуулга арга зүйд интеграцчилагдаж арга зүйд дэмжлэг үзүүлнэ. Ийм бүтээгдэхүүнийг боловсруулахад багшаас хичээлийн агуулга, арга зүйд эргэцүүлэл хийхээс гадна агуулгыг илэрхийлэх тусгай загвар бүтээхэд МХТ-ийн тусгай чадвар шаарддаг. Иймээс том хэмжээний сургалтын цахим агуулга боловсруулахад багш компьютерийн дизайнер, програм зохиогч зэрэг нарийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж бүтээл бий болно.


Суралцагчийн бие даан ашиглахаар бүтээсэн цахим материал нь суралцагчийн суралцхуйн үйлийг дэмжиж, түүнд шаардлагатай мэдээлэл, эргэх холбоог өгөх ёстой. Энэ шаардлагын үүднээс цахим материал бүтээхэд суралцагчийн мэдлэг чадварын бэлтгэлийн түвшин, сургалтын явагдах орчин зэрэгт шинжилгээ хийх шаардлагатай болдог. Түүнчлэн суралцагчийн анхаарлыг агуулгын гол хэсэгт хандуулах үүднээс арга зүйн зарим шийдлүүдийг хийж өгнө.


Сургалтын агуулгыг цахим хэлбэрээр бүтээснээр түүнийг МХТ-ийн боломжийг ашиглан бодитойгоор дүрслэх, мультимедиа загвар ашиглах, агуулгыг бусад хэлбэрээр дахин ашиглах зэрэг давуу талууд гарах болно.
Сургалтын хэрэглэгдэхүүний судалгаанд түүнийг дээрх шаардлагыг хангасан байхаар бүтээхээс гадна түүнийг хичээлийн явцад хэрхэн хэрэглэх дидактик төлөвлөлт маш чухал үүрэгтэй. Хичээлийн аль хэсэгт ямар зорилгоор хэрхэн хэрэглэх вэ?, хэрэглэх явцад ямар асуудлууд үүсч болох вэ? түүнийг хэрхэн шийдвэрлэх вэ? гэх мэт олон асуудлуудыг тооцож, дидактик шийдлийг төлөвлөж, хэрэглэгдэхүүнээ бүтээнэ.  Шаардлага хангаагүй хэт их текст мэдээлэлтэй, суралцагчийн нас, сэтгэхүйн онцлогт тохироогүй олон өнгөтэй, хэтэрхий чамин, агуулгатай холбоотой бус анимашн хөдөлгөөн бүхий хэрэглэгдэхүүн хэрэглэх хэрэггүй. Сургалтад МХТ-ийг ашиглаж байгаа бол хичээлийн хэрэглэгдэхүүнийг дээр өгүүлсэн дидактик шаардлагууд хангаж байхаар боловсруулж, хичээл дээр хэрхэн хэрэглэх төлөвлөлтөө нарийн хийх хэрэгтэй. Төлөвлөлтөд хичээл заах явцад хэрэглэгдэхүүнийг хэрэглэх явцад гарч болох асуудлуудийг тооцож, уг асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар нарийн төлөвлөнө.


Сургалтын мультимедиа танилцуулга бүтээх арга зүй, түүнийг боловсруулахад баримтлах зарим хүчин зүйлүүдийн талаар зөвлөмж-2-ын 33-аас 43 дугаар талаас үзэж болно. МХТ-ийг хичээлийн агуулга, заах арга зүй, сургалтын технологитоо интегралцчилан хэрэглэснээр хичээлийн үр өгөөжийг дээшлүүлэх боломжтой юм. Тухайлбал, хичээлийг илүү сонирхолтой, бодитой тодорхой, хэрэглээнд суурилсан болгох, бие даан судлах боломжийг МХТ олгож байна. Үүний тулд нэг талаас сургуульд МХТ-ийн орчин бүрдсэн байх, нөгөө талаас багш МХТ-ийг сургалтын үйл ажиллагаанд хэрэглэх чадвартай байх шаардлагатай болж байна.


Сургалтын шаардлагад нийцсэн цахим хэрэглэгдэхүүн боловсруулан хэрэглэх нь багшаас МХТ-ийн хэрэглээний чадвар эзэмшсэн байхыг шаардах болжээ. Багш нар МХТ-ийг ашиглан сургалтын ажлаа үр дүнтэй зохион байгуулах, тухайлбал, хичээлийн судлагдахуун, агуулгад нийцсэн, заах арга зүй болон суралцагчийн мэдлэг бүтээх үйлийг дэмжсэн хэрэглэгдэхүүн боловсруулж сурах, сургалтад хэрэгжүүлэх хэрэгцээ нэн тэргүүнд бий болж байна [7]. Иймээс багшийн МХТ-ийн чадварын стандарт, хандлагуудын талаар товчлон танилцуулж байна. Үүнд:

· Teaching/Learning ICT Literacy – багш нарын МХТ-ийг сургалтдаа хэрэглэх бичиг үсгийн боловсрол

· Pedagogical ICT License – МХТ-ийг сургалтад ашиглах чадварын стандарт

Багш нарын МХТ-ийг сургалтдаа хэрэглэх бичиг үсгийн боловсрол (Teaching/Learning ICT Literacy)
Нийгмийн шаардлага
Мэдээлэл хангалттай их байхын хирээр муу мэдээлэл төдий чинээ их болж байна. Эдүгээ 20 орчин сая интернэт сайт, 3 тэр бум гаруй вэб хуудас, 1 тэр бум гаруй төрлийн академик сан байдаг бөгөөд суралцагч насан туршийн боловсролд өөрийгөө бэлтгэн  цахим мэдээлэл боловсруулж сурах чадвар зайлшгүй шаардлагатай байна.
Багшийн энэхүү чадвар нь хэрэгцээт мэдээллийг хайж олох, үнэлэх, үр ашигтайгаар хэрэглэх танин мэдэх чадвар эзэмшсэнээр илэрдэг.
Багшийн МХТ-ийн хэрэглээний чадвар дараах схемд үзүүлсэн зүй тогтлоор бүрэлдэн тогтдог системтэй үйл ажиллагаа юм.


МХТ-ийг сургалтад ашиглах чадварын стандарт (Pedagogical ICT License)
Сургалтын үйл ажиллагаагаа МХТ ашиглан явуулах чадварыг баталгаажуулах чадварын стандарт ажээ. Энэхүү стандартын хүрээнд багш дараах чадварыг заавал эзэмшсэн байх ёстой юм. Үүнд:

· •    Вэбээс мэдээлэл хайх, боловсруулах

· •    Бичвэр мэдээлэл боловсруулах

· •    Цахим харилцаа, хамтын ажиллагаа

· •    МХТ ба сургуулийн хөгжил

Харин дараах нэмэлт чадваруудаас өөрийн мэргэжлийн онцлогтой уялдуулан дөрвийг сонгон эзэмшсэн байх ёстой. Үүнд:

· •    Зураг боловсруулах

· •    Сургалтын үйл ажиллагааны тооцоолол боловсруулах

· •    Сургалтын интерактив танилцуулга боловсруулах

· •    Сургалтын вэб бүтээх

· •    Сургалтад өгөгдлийн сан ашиглах

· •    Симуляцилах ба загварчлах

· •    Сургалтын материалын зохиомж бүтээх

· •    Тодорхой хичээлийн сургалтын материал бүтээх

· •    МХТ ба сургалтын стратеги төлөвлөлт

· •    Сургалтын тусгай програм ашиглах

· •    Сургалтад тоглоомын програм ашиглах

Үндсэн дөрөв, нэмэлт дөрөв, нийт найман төрлийн чадварын стандартыг хангаснаа нотолсоноор багшийн МХТ-ийг сургалтад ашиглах чадвар баталгааждаг байна.
Сургалтын хэрэглэгдэхүүн нь дараах шаардлагуудын хангаж байх ёстой. Үүнд:

· -    Агуулга, арга зүйтэй нарийн уялдсан байх

· -    Суралцагчийн нас, сэтгэхүйд тохирсон байх

· -    Суралцагчийн сонирхлыг татдаг байх

· -    Сэдвийн агуулгыг тод томруун харуулсан (судлагдахуун, агуулгад интеграцчилагдсан) байх

Сургалтын цахим хэрэглэгдэхүүний мэдээллийн дэлгэцийг дараах шаардлагуудыг хангаж байхаар хийснээр харагдах байдлын хувьд зөв шийдэлтэй бүтээгдэх болно. Үүнд:

· •    Хичээлийн текстийг дэлгэцэнд бүтнээр нь багтаах. Энэ нь суралцагч уншиж боловсруулахад илүү сайн байдаг.

· •    Текстийн хэмжээг 5-8 мөрөөр хязгаарлах.

· •    Текстийг хэвлэгдэх өргөний уртаар хязгаарлаж, 5-10 хүртэлх үгийг нэг мөрөнд байхаар авах.

· •    Дэлгэцийн текстэд хоёроос илүү зүйл (параграф)-ийг холихгүй байх.

Дэлгэцийн интерфейсийг төлөвлөхөд дор дурдсан зөвлөгөөг дагана. Үүнд:

· •    Дэлгэцийн элементүүд (удирдлагын товчлуур, текст, зураг, ...) бие биеэн дээрээ давхардахааргүйгүйгээр зохион байгуулах. Суралцагч дэлгэц дээрх бүх обьектуудыг бүтнээр нь харж байх ёстой.

· •    Дэлгэцэд дүрслэгдэх мэдээллийн гол бүрэлдэхүүн нь өнгөний зохилдлого юм. Зарим өнгөний зохилдлого нь дэлгэцэнд аятайхан харагдах боловч прожектор ашиглах үед харагдац зохимжгүй болох нь бий.

Тиймээс хэрэглэгдэхүүний өнгөний зохилдлогыг сургалтын өмнө заавал туршиж үзэх хэрэгтэй. Өнгөний зохилдлогыг ашиглах дүрэм, журам олон байдаг. Жишээлбэл:

·  Хүйтэн өнгө (хүрэн, хөх гэх мэт)-ийг суурь өнгө болгож хэрэглэх.

·  Халуун өнгөнөөс зайлсхийхийг хичээх (улаан, ногоон гэх мэт)

·  Халуун өнгө нь зөвхөн аюулын дохио, анхааруулга гэх мэтэд хэрэглэгдэнэ.

Текст болон сургалтын мэдээлэл суралцагчийг уншиж, судалж байх үед дэлгэцэн дээр харагдаж байх нь зохистой. Иймээс хэрэглэгдэхүүнийг автоматаар үргэлжлэхээр бус, гарын товч эсвэл удирдлагын товчлуураар үргэлжилдэг байхаар хийж өгөх нь тохиромжтой.

 

Энхээ
бичсэн: PEACE төрөл: Зөвлөгөө | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 2078

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)