Кембрижийн хөтөлбөрийг нутагшуулахад
Кембрижийн хөтөлбөрийг нутагшуулахад “элитийн батальеонынхон” түүчээлэн оролцож байна
2012 оны 3-р сарын 26
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараахан, хамгийн түрүүнд боловсролын салбарынхантай уулзаж Монгол Улсыг Оюутолгой, Тавантолгой биш боловсролтой Монгол толгой хөгжүүлнэ хэмээн тунхагласан Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилгаар боловсролын салбарт олон шинэчлэл хийгдэж буйн нэг нь Кембрижийн стандартыг Монголд нэвтрүүлэх юм.Дэлхийн 130 гаруй оронд түгэн дэлгэрсэн Кембрижийн стандартаар манай улсад “Шинэ Эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” гэсэн сургууль байгуулагдаж англи монгол хэлээр сургалт явуулж байгаа. Мөн дэлхийд хүлээнд зөвшөөрөгдсөн энэхүү сургалтын стандартыг баримжаалсан сургалтын шинэ хөтөлбөрийг эрдэмтэн багш нар боловсруулаад байгаа юм.
Энэхүү шинэчилсэн хөтөлбөрийг нэвтрүүлэх туршилтыг ирэх 4 дүгээр сараас аймаг бүрийн нэг, Улаанбаатар хотын 10 сургууль өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд нийт 31 үндэсний лаборатори сургуульд нэвтрүүлж эхлэх бөгөөд эдгээр сургуулийн 300 гаруй багш нар “Шинэ Эрин” дунд сургуульд дээр сургалтад хамрагдаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд шинэ хөтөлбөрийг дэлгэрүүлэх анхдагч болсон эдгээр багш нартай уулзахдаа “Өнгөрсөн зуунд Оросын боловсролыг нэвтрүүлж бид амжилтад хүрсэн. Улсаа улс шиг улс болгож чадсанаараа бид бахархдаг. Харин одоо дэлхийн боловсролыг нутагшуулах зорилго маань мөрөөдөл биш бодит ажил хэрэг болж байна.
Та бид XXI зууны боловсролын шинэ стандартыг эхлүүлэх түүхэн үүрэг хүлээсэн хүмүүс” гэлээ. Ингэхдээ дэлхийн энэ стандарт манай боловсролын салбарт нэвтрэх, нутагших эсэх нь багш нараас шууд хамаарна. Үүний тулд эхлээд багш нараа бэлтгэх учиртай. Энэ ч зорилгын хүрээнд өнөөдрийн сургалт явагдаж байгаа гэдгийг тэмдэглэлээ. Мөн Тавантолгой, Оюутолгой зэрэг энэ олон толгой Монгол улсыг хөгжүүлэхэд хувь нэмэр л оруулна. Харин улс орноо монгол толгой хөгжүүлнэ гэдгийг багш нартай уулзах үеэрээ Ерөнхий сайд дахин хэллээ.
Шинэчилсэн хөтөлбөрийг хамгийн анх хүлээн авч, ерөнхий боловсролын сургуулиудад түгээн дэлгэрүүлэх ажлыг гардан хийх учиртай эдгээр багш нарыг мэргэжил нэгтнүүд нь Элитийн батальеонынхон хэмээн тодотгож байна. Монгол Улсын Засгийн газар хүүхэд залуучуудаа өрсөлдөх чадвартай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролтой, дэлхийн иргэн болгохын төлөө ажиллаж байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэх, ажил хэрэг болгоход сургалтад хамрагдсан багш нар түүчээлэн оролцох учиртай гэдгийг Ерөнхий сайд С.Батболд анхааруулаад Монголын боловсролыг дэлхийн стандартад хүргэх үүрэг, хариуцлага ч мөн энэ багш нарт оногдож байгааг тодотгож байлаа.
2015-2017 онд Кембрижийн сургалтын хөтөлбөр, сургалтын системийг ерөнхий боловсролын бүх сургуульд үе шаттайгаар нэвтрүүлнэ, 2017 онд сургалтын хөтөлбөр, чанараа Кембрижийн магадлан итгэмжлэлээр үнэлүүлж дэлхийд баталгаажуулна гэдгийг Ерөнхий сайд багш нарын төлөөлөлд хэлээд аливаа юмыг улстөржүүлэх сонирхол түгээмэл байна. Гэхдээ хүүхэд залуучуудынхаа ирээдүйгээр хэзээ ч улстөр хийж болохгүй гэдгийг Ерөнхий сайд хатуу хэлээд энэхүү шинэчлэлийг ажил хэрэг болгохын төлөө тууштай ажиллана гэдгээ онцоллоо
Монгол орны маань эдийн засаг өндөр өсөлттэй байна. Энэ өсөлт хувь хүнд очихдоо тэдний эрүүл мэнд, өрсөлдөх болоод амьдрах чадварыг сайжруулах орчин нөхцөлийг нь бүрдүүлэхэд чиглэгдэх учиртай гэдгийг Засгийн газрын тэргүүн С.Батболд хэлж байлаа. Сурагчдынхаа улирлын амралтын үеэр сургалтад хамрагдаж номын дуу сонсож байгаа багш нарын төлөөлөл энэ уулзалтын үеэр мөн санал сэтгэгдлээ хэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд монгол орныхоо ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө олон сайхан ажил санаачлан хийж байгаад багш нар талархаж байлаа. Боловсролын салбар дэлхийн жишигт хүрэх бэлтгэл ажил ид хийгдэж байна. Үүний дээр 18 нас хүртэлх бүх хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, оношилж эмчлэх зорилго бүхий “Эрүүл хүүхэд” аяныг улс орон даяар зохион байгуулж байгаад талархаж байгаагаа тэд илэрхийлж байлаа. Ерөнхий сайд С.Батболдын санаачлан эхлүүлсэн эдгээр ажил дараа дараачийн Засгийн газрын гол бодлого болж үргэлжлээсэй хэмээн хүсч байгаа ч тэд тэмдэглэж байлаа.
Багш нар бид сайн шавьтай байхыг хүсдэг. Шавь нар маань аймаг, дүүрэг, улс орны хэмжээнд амжилт гаргаж нэр алдраа дуурсгадаг байсан бол Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр олон улсад гарах боломж бүрдэж байна. Дэлхийн хэмжээнд өрсөлдөх шавьтай болно хэмээн Кембрижийн хөтөлбөрийг дэмжиж хүлээн авснаа багш нар хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.