2011-05-11,20:55

Зөвлөгөө

Сэдэв : Хүүхдэдээ мэдээллийг сонгож үзүүлэх нь чухал
Эх сурвалж : Ном хэвлэлээс
Туркийн сэтгэл мэдрэлийн эмч Серап Алтекин өрх гэр бүрт байрлах "дөрвөлжин ертөнц" гэгдэх зурагтаар бага насны хүүхдэд сөрөг нөлөө үзүүлдэг нэвтрүүлэг цацагдах нь хүмүүжилд нь нөлөөлдөг хэмээн эцэг эхчүүдэд анхааруулжээ.

Эрдэмтэд эл сэдвээр удаан хугацааны турш судалгаа хийсээр ирсэн. Зурагтаар аймшигт явдал болон гэмт хэргийн тухай мэдээлэл цацах нь нийгмийн амьдрал дахь гэмт хэрэг, гаж үйлдлийг нэмэгдүүлдэг нь судалгаагаар тогтоогджээ. Энэ нь ажилгүйдэл үүрлэсэн, улс төр болон эдийн засаг нь хямарсан буурай хөгжилтэй улс орнуудад ихээр ажиглагддаг.

Судалгаанд онцолсноор 0-6 болон шилжилтийн 13-21 насныхан эл сөрөг нөлөөнд хамгийн ихээр өртдөг аж. Тиймээс хувь хүний болон цаашлаад нийгмийн амьдралд чухал нөлөө үзүүлдэг телевизийн мэдээлэл, нэвтрүүлгээс аль нь хүүхдэд хэрэгтэйг нь сонгож үзүүлэхийг эцэг эхчүүдэд зөвлөжээ.

Мэдээллийн хэрэгслүүд нь бие хүний сэтгэн бодох, өөрийгөө төвлөрүүлэх болон нийгмийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бага насны болон шилжилтийн насныхан томрох тусмаа ихэнх цагаа телевиз болон компьютерийн өмнө өнгөрөөх болжээ. Бага насны хүүхдүүд телевизийн элдэв нэвтрүүлгийг үзээд сайн мууг нь байнга дууриадаг. Найз нартайгаа тоглож байхдаа телевизээр үзсэн хүчирхийлэлтэй үйл явдлыг тоглоом мэтээр бодож дууриах, байлдах, зодолдох, хараалын үг хэлэх зэрэг хүүхдийн сэтгэмжээс гадуурх бүхий л үзэгдэл тэдний үзэж, харж байгаа мэдээллээс үүдэлтэй юм.

Хүчирхийллийн хэв шинжийг агуулсан нэвтрүүлгийн бага насны хүүхдийн мэдрэмж, бодол, сонголт, ойлголт болон харилцаанд нөлөөлж буй сөрөг нөлөөллүүдийг судалгаагаар авч үзэхэд хүүхдүүд үзэж сонссон үг, өгүүлбэр болон гол баатруудын хэрхэн харьцаж байгааг дууриан ярих, харилцахдаа тэдэн шиг байхыг эрмэлздэг байна. Гэмт хэрэг болон давшилтыг тэд "асуудлыг шийдвэрлэх арга" эсвэл "амьдрах ухаан", " өөрийгөө бусдад харуулах" арга зам гэх мэтчилэн бодох тохиолдол бий. Түүнчлэн энэ мэт дүрслэлийг байнга үзсээр байвал айхаа болих, хүчирхийллийг энгийн үзэгдэл мэт хүлээн авахад хүргэдэг байна. Үүний зэрэгцээ үйл явдалд байнга дийлдэг баатарлаг дүрийн талд орсоор ялагдаж хохирч байгаа хүний оронд өөрийгөө тавих чадвараа алддаг гэнэ.

Эл судалгаагаар хүүхдийн телевизийн сувгууд дахь нэвтрүүлэг, хүүхэлдэйн кинонууд цагт дунджаар 20 төрлийн хүчирхийллийн үйл явцыг харуулдаг нь батлагджээ. 800 хүүхдийн дунд удаан хугацаагаар явуулсан судалгаагаар өдөрт хоёр цагаас илүү зурагт үздэг хүүхдүүд гэр, сургууль, гудамжинд хүчирхийллийн шинж тэмдэг агуулсан үйл хөдлөл ойр ойрхон гаргасан нь тогтоогджээ. Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт ирж буй хүүхдүүд айдсынхаа 91 хувийг телевизийн мэдээллээс авсан гэсэн баримт бий.

Швед, Австралийн мэдээллийн хэрэгслүүд гэр бүлтэй хамтран ажилласнаар телевизийн нэвтрүүлэг, мэдээн дэх хүчирхийллийн сэдэлтэй үйлдлийг багасгаж чаджээ. Тиймээс эцэг эхчүүдэд зурагтаа гэрийн төв хэсэгт буюу анхаарлынхаа төвд байрлуулахгүй байхыг судлаачид зөвлөж байна. Мөн хүүхдийнхээ юу үзэж байгаад нь байнга анхаарч, үзсэн мэдээллийнх нь талаар хамтдаа ярилцаж тунгааж байвал хүүхдээ сөрөг мэдээллээс сэргийлж чадна. Гэр бүлээрээ хамтдаа суугаад үзэх сувгаа тохироход ч илүүдэхгүй. Хэрвээ та шөнийн цагаар телевизийн нэвтрүүлэг үзвэл хүүхэд тань яг л дууриах болно. Тэд таны хэлснийг биш хийснийг дууриадгийг бүү мартаарай.

Б.Болортуул

бичсэн: PEACE төрөл: Зөвлөгөө | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 132

Сэтгэгдэл:

ярзайтал инээх
алга ташилт алга ташилт баяртай байна
Бичсэн: turmunkh (зочин) хэзээ: 21:24, 2011-05-17 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)