2011-06-16,21:52

Ерөнхийлөгчийн Америкт хийж буй айлчлал

АНУ-д албан ёсны айлчлал хийж буй МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын үйл ажиллагаа АНУ-н баруун эргийн хот болох Сан Франциско хотоос эхэлсэн билээ. Сан Франциско хотод Станфордын их сургуульд зочилж, нэрт эрдэмтэдтэй дугуй ширээний ярилцлага хийж, мөн “Hoover” хүрээлэн,“Google” компани, “Silicon Valley”-д зочилж, Монгол Улсын Ерөнхий консулын газрын нээлтэд оролцсоны дараа, “Fairmont”зочид буудлын “Golden Room” танхимд монгол иргэдтэйгээ уулзалт хийсэн.
АНУ-д суугаа Монгол иргэд уг уулзалтанд Монголын хөрсөн атомын цахилгаан станцын хаягдлыг булшлана гэсэн өмнөх сарын хэвлэл мэдээллээр шуугиад байсантай холбогдуулан эсэргүүцэлийн лоозон барьж, уг асуудлын талаар их эмзэглэж байгаагаа илэрхийлж байсан гэж дагалдан яваа хэвлэл мэдээллийн хүмүүс нь хуучлаж байлаа.

 АНУ-ын баруун эрэгт айлчлалынхаа гараагаа амжилт эхлэж өнөөдөр Вашингтон ДС хотноо өглөөний мандах нартаа уралдан ирж айлчлалаа үргэлжлүүллээ.

Өнөөдөр өглөөний 10 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн цуваа Дайчдын хөшөөнд ойртоход их буугаар 21 удаа буудаж хүндэтгэл үзүүллээ. Ерөнхийлөгчийг буухад Монгол Улсын Төрийн далбааг хүндэтгэлтэйгээр залж, Монгол Улсын Төрийн дуулал, АНУ-ын Төрийн дуулал эгшиглэв.

Уламжлал ёсоор нэр нь үл мэдэгдэх дайчдын хөшөөнд цэцэг өргөсний дараа дайнд амь үрэгдсэн дайчдыг хүндэтгэн бүрээн дуу эгшиглэж, бөмбөр дэлдэв.

Арлингтон дахь Дайчдын хөшөө нь 1921 онд АНУ-ын Конгресс , дэлхийн нэгдүгээр дайнд амь үрэгдсэн нэр нь тодроогүй цэрэг эрсийг Дурсгалын хөшөөний өмнө оршуулахыг зөвшөөрснөөр бий болсон бөгөөд, өнөөг хүртэл албан ёсны нэр өгөөгүй иржээ.

Зөвхөн дэлхийн нэгдүгээр дайн төдийгүй, хоёрдугаар дайн, Солонгос, Вьетнамын дайн, сүүлийн жилүүдэд Ирак, Афганистанд амь үрэгдсэн цэргүүдийг оршуулж, тэдгээрийн гэгээн дурсгалыг мөнхжүүлж иржээ. Бунханг АНУ-ын тэнгисийн болон хуурай явган цэргийн тусгай бэлтгэгдсэн цэргүүд 24 цагийн турш хамгаалалтандаа байлгадаг. Нийтдээ 300 гаруй мянган цэрэг дайчдын булш байдаг гэсэн тоо байдаг юм байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дараа нь АНУ-ын хэмжээнд хамгийн томд тооцогдох Волтер Рийдийн цэргийн эмчилгээний төвд очив. Ерөнхийлөгчийг тус эмнэлгийн дарга угтан авч, товч танилцуулга хийлээ. Анх 1909 онд 80 хүний ортой байгуулагдаж байсан энэ төв өнөөдөр 5500 өрөөтэй болжээ. Дайны болон энхийн цагт цэргүүдэд эмнэлэг, сувиллын үйлчилгээ үзүүлж ирсэн Волтер Рийдийн эмнэлэг үндэсний хэмжээний эмчилгээний төв болтлоо өргөжиж,  цэргийн бүх салбарын болон чөлөөнд гарсан 150 мянга гаруй албан хаагчдад эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Сенатын болон Төлөөлөгчдийн танхимын гишүүд энэ төвөөр үйлчлүүлдэг юм байна. Зөвхөн цэрэг армийхнийг эмчлээд зогсохгүй, судалгаа шинжилгээний ажлыг өргөн хийдэг. Тухайлбал, 2007 онд Пенсильванийн Их сургуультай хамтран дотрын протон эмчилгээний технологийг анагаах ухааны салбарт  нэвтрүүлжээ. Өнөөдөр энэ технологиор цэргийн албан хаагчид, ахмад дайчдыг амжилттай эмчилж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шархадсан цэргүүдийн тасагт орж, цэргүүдтэй яриа хөөрөө өрнүүлж, сэтгэл санаагаар дэмжин, Ирак Афганистанд алба хааж байсан дурсамжаас нь сонслоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамт  “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд оролцож онцгой гавьяа байгуулсан Цэргийн гавьяаны болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт хошууч Г.Аззаяа,  Ш.Самбуу-Ёндон нар эмнэлэгт орж, америк цэргүүдтэй уулзсан.

2005 онд Иракт алба хааж байх үеэрээ, амиа золиослогчдын террорист ажиллагааг таслан зогсоож олон хүний амь нас, цэргийн хангалтын баазыг аварч байсан тэдний гавьяаны талаар Ерөнхийлөгчийг хэлэхэд цэргүүд баяр хүргэж, халуун дотноор тэвэрч байлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүн төрөлхтөний тайван амгалан амьдрал, эрх чөлөөний төлөө амь хайргүй тулалдсан цэргүүдийг хүндэтгэж байгаагаа дахин илэрхийлээд, цэргүүдэд хурдан эдгэрээд гарахыг ерөөлөө.

Үдийн цайнаар АНУ-ын Худалдааны танхимд Монголоос дагалдан яваа албаны болон бизнесийнхэнтэй найрсаг цайллаганд орж тэдэнд хандан Монголд хөрөнгө оруулах боломж нөхцөл бий гэдгийг онцлон тэмдэглэж, Монгол төр засгийн зүгээс дэмжин хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын Конгресс дахь Америк, Монголын найрамдлын бүлэг болон “House Democracy Partnership” хөтөлбөрийн төлөөлөгчидтэй уулзаж, Монгол улсын ардчилсан замналыг дэмжигч гишүүдийн болон хамтын ажиллагаа эрхэлж байдаг гадаад дотоодын төлөөлөгчтэй санал бодлоо солилцон индэр дээрээс бие биенийхээ хэтийн зорилтоо танилцуулсан халуун дулаан уулзалт болж өнгөрсөн.  

Маргааш өглөө Вашингтон ДС хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар Цагаан ордонд уулзаж, хэвлэл мэдээлэлд зориулан хамтарсан мэдэгдэл хийнэ.  

Оройдоо Вашингтон дахь айлчлалаа дуусгаж Нью-Йоркт хот руу хөдлөх юм.

Вашингтон хот орчим амьдран суугаа Монгол иргэдтэйгээ уулзалт хийж амжихгүй явах юм байна. Шахуу хөтөлбөртэй явж байгаа учир уулзалт энэ удаад хийх боломжгүй яваа гэдгийг албаны хүмүүс мэдэгдсэн.

Нью-Йорк хотноо бизнесийн болон “Forbes”группийн төлөөлөгчидтэй уулзаж, АНУ-ын Гадаад харилцааны зөвлөлийн дугуй ширээний ярилцлагад оролцохын сацуу “Bloomberg News” телевизээр зочилно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ-д хийж буй айлчлал хоёр орны улс төр, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн, хөгжүүлэхэд чиглэж, ялангуяа эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд оршиж байна.


бичсэн: PEACE төрөл: It's Interesting | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 119

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)