2011-08-08,15:23

Монгол эрдэмтэд харшлын эсрэг вакцин бүтээжээ

Манай улсын хувьд харшлаар өвчлөгсдийн тоо жил ирэх тусам өсч байгааг эмч мэргэжилтнүүд өгүүлж байна. Улсын клиникийн төв эмнэлгийн харшлын кабинетын харшлын үзлэг хийдэг нэг эмч өдөрт 40-50 хүнд үзлэг хийдэг болжээ. Харин Арьсны өвчин судлалын үндэсний төвийн харшлын кабинетаар өдөрт 300-400 хүн үйлчлүүлж байгаа аж. Монголд арван жилийн өмнөхтэй харьцуулахад харшлын гаралтай өвчний тоо гурав дахин өсчээ. Тэр дундаа харшлын шалтгаантай арьсны эмгэгүүд 2.5 дахин нэмэгдсэн байна. “Сүүлийн үед кимчи, өндөг, самрын төрлийн бүтээгдэхүүн, хиам зэрэг нь маш ихээр харшил өгөх болсон” хэмээн Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Ш.Мягмаржав өгүүлжээ.
Гэвч Улаанбаатарчуудын толгойны өвчин болоод буй харшлыг “дарах“ нэгэн вакциныг монгол эрдэмтэд бүтээсэн сайхан мэдээ байна. Монгол эрдэмтдийн патент бүхий “Харшлын эсрэг өвөрмөц аллегренээр эмчилж, урьдчилан сэргийлэх мэдрэгшилгүйжүүлэх дархлааны эмчилгээ” нэртэй харшлаас урьдчилан сэргийлэх вакциныг доктор Б.Сангидорж, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн зөвлөх эмч О.Лхамсүрэн нар хамтран гаргажээ. Тус вакциныг 2005 оноос хойш олон улсын стандартын эрхээ авч эмчилгээнд хэрэглэж буй юм байна. Эрдэмтэд вакцин гарган авахдаа Монгол оронд ургаж буй шарилжуудад судалгаа хийн, монгол хүний биед харшил өгч байгаа ургамлын тоосонцрыг ашиглажээ. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-наас долдугаар сарын 5-ны хооронд шарилжны харшилтай хүмүүс тус вакцинд хамрагдсанаар харшлын өвчлөлд өртөхгүй юм байна. Энэхүү вакцинд энэ онд 100 гаруй мянган хүн хамрагдаж, үр дүнгээ ч сайн өгч байгаа аж. Анагаах ухааны мэргэжилтнүүдийн ам сайтай байгаа энэхүү вакцин нь өнөөдрийн байдлаар эмийн сангуудаар худалдаалагдахгүй байгаа ба эмчилгээний зорилгоор эмнэлгүүдэд тарааж буй юм байна. Гэвч харшлын өвчлөл нь агаарын бохирдол буурахаас нааш, мөн Улаанбаатар хот шарилжнаасаа салахаас нааш буурахгүйг албаныхан өгүүлж байна. Дашрамд дурдахад өнөөдөр Улаанбаатар хотод цэцгийн дохиурын тоос хамгийн ихээр илэрч буй ажээ.

Д.Туяа/www.now.mn
бичсэн: PEACE төрөл: Advice | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 178

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)