2012-01-06,18:41

Нэр өгөх тухай

Нэр хайрлах Монгол ёсон

“Дуудах нэрийг эцэг эх өгдөг , дуурсах алдрыг өөрөө олдог “ хэмээдэг тул шинэ мэндэлсэн хүүхэддээ нэр өгөх , нэр залах нь эцэг хүний үүрэг байдаг. Тиймээс хэн гэж нэр өгөх , эсвэл хэнд очиж нэр залах , ямар өдөр гаригт , хэдэн цагт нэр хайрлах зэргийг сайтар бодох нь зүйтэй .      

Дуудах нэр нь хүний нэгэн насны аман хишиг , буян заяад нөлөөтэй байдаг гэдэг . Бусдаас нэр залах тохиолдолд эцэг хүн бүрэн бүтэн сайхан хувцсаа өмсөж ,ахмад настан , аав ээждээ , эсвэл лам хүнд хандан , хэрэг зоригоо айлтган , алд цэнхэр хадаг сэлтийг өргөн айлтгадаг уламжлалтай ажээ.

 

Нэр өгөхөд учир бий...

 

Хүүхдэд нэр өгөх ёсны зан үйлд зурхайч оролцох учир бас буй. Энэ нь ч аргагүй юм. Зурхайч тухайн хүүхдийн төрсөн жил, сар, өдөр, цаг, гараг зэргийг тооцон гаргаж Дэрсид Санжайжамц их зурхайчийн “Бидэргарво”-той нийцүүлэн нэр хайрладаг байжээ.

Одоо зурхайд сарын бүх өдрийг таван гарагт хуваадаг бөгөөд гараг тус бүр нь онцлох нэртэй. Yүнд:
Нэгд: 1, 6, 11, 16, 21, 26-ны өдөр. Гараг нь Дорж /алмаас чулууны нэр/. Бас “бат бэх” гэсэн төвд үг.
Хоёрт: 2, 7, 12, 17, 22, 27-ны өдөр. Гараг нь Ринчен /их үнэт эрдэнэ гэсэн санскрит нэр/
Гуравт: 3, 8, 13, 18, 23, 28-ны өдөр. Гараг нь Бадма /цэцэг гэсэн төвд үг/
Дөрөвт: 4, 9, 14, 19, 24, 29-ний өдөр. Гараг нь Лийжи /манайхан Лайжи гэдэг. Yйл гэсэн үг/
Тавд: 5, 1, 15, 20, 25, 30-ны өдөр. Гараг нь Санжай /Бурхан гэсэн үг/ Энэ бүхнээс үзэхэд төрсөн өдөр, гарагийн нэрийг хүүхдэд нэр болгон хайрладаг байжээ.

Мөн Даваа, Мягмар, Лхагва… гээд долоон гарагийн нэр өгөх нь ч буй.
Монгол хүн бэлэг дэмбэрлийг дээдэлдэг. Хэдийгээр төвд нэр өгсөн ч тэр нь дандаа сайн, сайхан нэр байдаг. Жишээ нь: Содном гэвэл “буян”, Жамц гэвэл “далай”, Ханд гэвэл “охин тэнгэр”, Сэржмядаг гэвэл “Алтанцэцэг”, Дашням гэвэл “Өлзий наран” гэсэн нэр юм.

Нэрний учир утгыг ажиж байхад тэр нь тухайн хүнд, өвчин эмгэг тусвал анагаах нууц дохио болох нь ч бий. Жишээ нь, Даваа гэдэг нэр нь Саран гэсэн үг бөгөөд гэрэл гэвэл хулгана жил, сар, өдөр, цагийг эзлэн заана. Сарангэрэл гэдэг нэр нь эхээсээ шөнө хулгана цагт мэндэлснийг заах учир тэр хүүхдийг өвчин ороох юм уу сул биетэй бол сарны гэрэл туссан усаар угаах, эсвэл сар туссан усыг буцалгаж уувал зүгээр болно гэж сударт бичсэн нь бий.

Долоон гарагийн төвд нэрийг оролцуулан нэрлэх болон орчин цагийн нэрний оноолтыг гараг бүрд тохируулах талаар зурхай судлаач Ц.Цэрэн-Очирын бичсэнээс иш татъя.

Нэг. Даваа /саран/ гариг. Сумъяа гараг ч гэдэг. Энэ өдөр төрсөн хүүхэд: Даваа, Даваажаргал, Сарангэрэл, Сарантуяа, Сумъяа, Туул, Орон, Орхон, Сэлэнгэ зэрэг гол мөрний нэр, Мөрөнтуяа, Дэлгэрмөрөн гэх мэт тохиромжтой.
Хоёр. Мягмар /Ангараг/ гариг. Энэ өдөр төрсөн хүүхдэд: Мягмарсүрэн, Ангараг, Уртнасан, Насантогтох, Галмандах, Галбадрах, Бадрал, Цогт гэх мэт.
Гурав. Лхагва /Буд/ гариг. Энэ өдөр төрсөн хүүхдэд: Лхагвасүрэн, Хишигсүрэн, Тунгалаг, Ундрах, Далайбаяр, Батмагнай гэх мэт нэрс зохино.
Дөрөв. Пүрэв /Бархасбадь/ гариг. Энэ өдөр төрсөн хүүхдэд: Пүрэвбат, Цэцэгмаа, Сарнай, Мядаг, Батцэцэг, Баяртогтох, Өлзийбат, Тогтох, Хонгорзул, Удвал гэх мэт.
Тав. Баасан /Сугар/ гаригт төрөгсдөд, Цолмон, Буянтогтох, Төмөрбат, Ганаа, Гантуяа, Баасанжав, Баттөмөр гэх мэт.
Зургаа. Бямба /Санчир/ гариг. Маргад, Ундрам, Шүрэнцэцэг, Санчир, Номин-Эрдэнэ, Очирбат, Очирхуяг гэх мэт.
Долоо. Ням /Наран/ гариг. Наранцэцэг, Гэрэлмаа, Алтантуяа, Нямгаваа, Тодгэрэл, Тунгалаг гэх мэт.

 

бичсэн: PEACE төрөл: It's Interesting | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 3518

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)