ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ (хялбаршуулсан)
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
1–р зүйл. Хүүхдийн тодорхойлолт
Чамайг арван найман нас хүртэл хүүхэд хэмээн үзэж, энэ конвенцод заасан бүх эрхийг эдлүүлнэ.
2–р зүйл. Ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх чөлөө
Чамайг арьсны өнгө, хүйс, хэл, шүтдэг шашин, үзэл бодол, гарал үүсэл, нийгмийн болон эдийн засгийн байдал, хөгжлийн бэрхшээл, угсаа болон чиний, эсвэл чиний аав ээжийн, эсвэл асран хамгаалагчийн бусад байдлаар ялгаварлан гадуурхаж болохгүй.
3–р зүйл. Хүүхдийн дээд ашиг сонирхол
Хүүхдэд хамаатай бүх үйлдэл, шийдвэр нь чамд, эсвэл бусад хүүхдэд хамгийн сайн зүйлд тулгуурласан байх ёстой.
4–р зүйл. Конвенцид заасан эрхүүдийг эдлэх
Засгийн газар чамайг болон бүх хүүхдийн эрх эдлэх боломжийг бүрдүүлнэ.
5–р зүйл. Эцэг эхийн удирдлага ба хүүхдийн өсөн хөгжиж буй ур чадвар
Чиний гэр бүл чамайг өсгөх, байнга эрхээ ашиглаж сурахад удирдан чиглүүлэх үндсэн үүрэгтэй. Засгийн газар энэхүү эрхийг хүндэтгэнэ.
6–р зүйл. Эсэн мэнд амьдрах, хөгжих эрх
Чи амьдарч, өсөн өндийх эрхтэй. Засгийн газар эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөгжих нөхцлийг баталгаажуулна.
7–р зүйл. Төрсний бүртгэл, нэр улсын харьяалал, эцэг эхийн халамж
Төрснөө бүртгүүлэх, өөрийн улсын харьяалалтай байх, эцэг эхээ мэдэх, эцэг эхээрээ асрамжуулах эрхтэй.
8–р зүйл. Хувь хүний тодорхойлолтыг хамгаалах
Засгийн газар чиний өөрийн нэртэй байх, улсын харьяалалтай байх, гэр бүлийн халамжинд байх эрхийг хүндэтгэнэ.
9–р зүйл. Эцэг эхээсээ салах
Чиний сайн сайхны төлөө (жишээлбэл, эцэг эх чинь муухай харьцаж, үл ойшоодог) биш бол чамайг эцэг эхээс чинь салгаж болохгүй. Хэрэв чиний эцэг эх чинь салсан, чамд хүнд санагдахгүй бол чи хоёулантай нь холбоотой байх эрхтэй.
10–р зүйл. Гэр бүл дахин нэгдэх
Хэрэв чиний эцэг эх өөр улсад амьдардаг бол чамайг эцэг эхтэйгээ уулзах, гэр бүлтэйгээ нэгдэхээр улс хооронд явахыг зөвшөөрнө.
11–р зүйл. Хууль бусаар өөр улс уруу шилжүүлэхээс хамгаалах
Засгийн газар чамайг хууль бусаар өөрийн улсаас гарахаас сэргийлж, бүхий л арга хэмжээг авна.
12–р зүйл. Хүүхдийн байр суурийг хүндэтгэх
Чамд хамаатай шийдвэрийг насанд хүрсэн хүмүүс гаргах үед чи өөрийн юу бодож байгааг чөлөөтэй хэлэх, өөрийн байр суурьд анхаарлыг хандуулах эрхтэй.
13–р зүйл. Үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах эрх чөлөө
Чамд болон бусад хүмүүст хохирол учруулахгүй бол чи бүх хэлбэрээр (бичиг, урлаг, телевиз, радио, Интернет гэх мэт) мэдээллийг хайх, авах, хуваалцах эрхтэй.
14–р зүйл. Бодол санаа, ухамсар, шашны эрх чөлөө
Чи хүсэж байгаа зүйлээ бодох, итгэх, бусад хүмүүсийг эрхээ эдлэхэд саад болохгүйгээр өөрийн шашин шүтэх эрхтэй. Чиний эцэг эх чинь энэ асуудлаар чамайг удирдан чиглүүлнэ.
15–р зүйл. Тайван замаар эвлэлдэн нэгдэх эрх чөлөө
Бусад хүмүүсийг эрхээ эдлэхэд саад болохгүйгээр чи бусад хүүхдүүдийн бүлэг, байгууллагуудад орох, уулзах эрхтэй.
16–р зүйл. Хувийн нууц, нэр төр, алдар хүнд
Чи хувийн нууцтай байх эрхтэй. Хэн ч чиний нэр төрийг гутаах, танай гэрт нэвтрэх, захиа болон цахим шууданг унших, ямар нэгэн шалтгаангүй чамайг болон чиний гэр бүлд төвөг удах ёсгүй.
17–р зүйл. Мэдээлэл, мэдээллийн хэрэгсэлд нэвтрэх
Чи ном, сонин, сэтгүүл, телевиз, радио, Интернет зэрэг төрөл бүрийн эх сурвалжаар холбогдох, үнэн зөв мэдээлэл авах эрхтэй. Мэдээлэл нь чамд ашиг тустай, ойлгомжтой байна.
18–р зүйл. Эцэг эхийн хамтын үүрэг
Чиний эцэг эх хоёулаа чамайг өсгөх, байнга чамд хамгийн тэргүүнд юу хэрэгтэйг харгалзан үзэх үүрэг хүлээдэг. Засгийн газар, ялангуяа эцэг эх чинь ажил хийдэг бол эцэг эхэд чинь туслах үйлчилгээ үзүүлнэ.
19–р зүйл. Хүчирхийлэх, зүй бусаар харьцах, үл ойшоох явдлын бүх хэлбэрээс хамгаалах
Засгийн газар чамайг асрамжлан халамжилж, чиний эцэг эх болон чамайг харж байгаа бусад хүмүүс хүчирхийлэх, зүй бусаар харьцах, үл ойшоох явдлаас хамгаалахыг баталгаажуулна.
20–р зүйл. Бусад халамж
Хэрэв эцэг эх, гэр бүлийнхэн чамайг халамжилж чадахгүй бол чиний шашин, уламжлал, хэлийг хүндэтгэдэг бусад хүмүүсээр халамжлуулна.
21–р зүйл. Үрчлэлт
Хэрэв чи өөрийн төрсөн оронд, эсвэл өөр улсад амьдрахаар үрчлэгдсэн бол эн тэргүүнд чамайг сайн сайхан байлгах бүх зүйлд анхаарлаа хандуулах ёстой.
22–р зүйл. Дүрвэгч хүүхэд
Хэрэв чиний эх орон аюултай болсны улмаас өөр улсад ирсэн бол чи хамгаалуулах, дэмжлэг авах эрхтэй. Чи тус улсын хүүхдийн нэгэн адил эрх эдэлнэ.
24–р зүйл. Эрүүл мэндийн үйлчилгээ
Чи чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй (эм тариа, эмнэлэг, эрүүл мэндийн мэргэжилтэн гэх мэт). Чи эрүүл байхын тулд цэвэр ус, шим тэжээлт хоол, цэвэр орчин, эрүүл мэндийн боловсрол эзэмших эрхтэй. Баян улсууд ядуу улсуудад туслах ёстой.
25–р зүйл. Эмчилгээний тогтмол хугацааны шалгалт
Хэрэв чамайг эцэг эх биш, орон нутгийн байгууллага, ажилтан харж байгаа бол чамайг сайтар халамжилж, эмчилж байгааг тогтоохоор чиний нөхцөл байдлыг тодорхой хугацаанд шалгана.
26–р зүйл. Нийгэм хамгааллын тэтгэмж
Чиний амьдарч буй нийгэм чамайг хөгжих, сайн нөхцөл байдалд амьдрахад туслахаар нийгэм хамгааллын тэтгэмжийг олгоно (боловсрол, соёл, хүнс тэжээл, эрүүл мэнд, нийгмийн халамж). Засгийн газар шаардлагатай гэр бүлийн хүүхдэд нэмэлт мөнгө олгоно.
27–р зүйл. Шаардлага хангах амьдралын түвшин
Чи бие махбодийн, оюун санааны, итгэл үнэмшлийн, ёс суртахууны, нийгмийн хувьд хөгжих боломж бүхий эерэг нөхцөл байдалд амьдрах ёстой. Засгийн газар уг нөхцөлийг бүрдүүлж чадаагүй гэр бүлд тусална.
23–р зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд
Хэрэв чи ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй бол өөрийн хамгийн сайн чадвараар бүрэн бүтэн, хараат бус амьдралыг бий болгох, нийгэмд идэвхтэй оролцохоор тусгай халамж, дэмжлэг авч, боловсрол эзэмшинэ.
28–р зүйл. Сурч боловсрох эрх
Чи сурч боловсрох эрхтэй. Сургуулийн багш нар чиний хүний нэр төрийг хүндэтгэх ёстой. Анхан шатны боловсролыг үнэ төлбөргүй, заавал эзэмшинэ. Баян улсууд ядуу улсуудад туслах ёстой.
29–р зүйл. Боловсролын зорилго
Боловсрол нь чиний хувийн байдал, авьяас, оюун санааны болон бие махбодийн чадварыг бүрэн дүүрэн хөгжүүлнэ. Мөн чамайг амьдралд бэлтгэж, эцэг эх болон өөрийгөө, өөрийн улс, соёлыг хүндэтгэхэд дэмжлэг үзүүлнэ. Чи өөрийн эрхийн талаар сурч мэдэх эрхтэй.
30–р зүйл. Цөөнхийн хүүхдүүд, уугуул иргэд
Чи өөрийн улсын ихэнх хүмүүстэй адил эсэхээс үл хамааран, өөрийн гэр бүлийн уламжлал, шашин, хэлийг сурах, хэрэглэх эрхтэй.
31–р зүйл. Чөлөөт цаг, тоглоом, соёл
Чи амрах, тоглох, хөгжилдөх, соёлын үйл ажиллагаанд оролцох эрхтэй.
32–р зүйл. Хүүхдийн хөдөлмөр
Засгийн газар чиний эрүүл мэндийг хохироосон, хөгжилд саад учруулсан, боловсрол олох нөхцөлийг хаасан, бусад хүмүүс чамайг дарамтлан хүчээр ажиллуулахаас хамгаалах ёстой.
33–р зүйл. Хүүхэд ба мансууруулах бодис
Засгийн газар чамайг хортой, аюултай мансууруулах бодис хэрэглэх, хангах, тараахаас бүхий л байдлаар хамгаалах ёстой.
34–р зүйл. Бэлгийн мөлжлөгөөс хамгаалах
Засгийн газар чамайг бэлгийн мөлжлөгөөс хамгаалах ёстой.
35–р зүйл. Хүний наймаа, хулгайлахаас хамгаалах
Засгийн газар чамайг хулгайлах, худалдах, өөр улсад аваачин, мөлжлөгт өртөхөөс хамгаалах ёстой.
36–р зүйл. Бусад төрлийн мөлжлөгөөс хамгаалах
Чи хөгжих, сайхан амьдрахад сөргөөр нөлөөлөх бүх үйл ажиллагаанаас хамгаалагдах ёстой.
37–р зүйл. Эрүүдэн шүүх, хүнлэг бус харьцах, эрх чөлөөг үл ойшоохоос хамгаалах
Хэрэв чи хууль зөрчвөл чамтай хэрцгий харьцаж болохгүй. Чамайг насанд хүрсэн хүнтэй хамт шоронд хорьж болохгүй бөгөөд чи өөрийн гэр бүлийнхэнтэй холбоотой байх ёстой.
38–р зүйл. Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахаас хамгаалах
Хэрэв чи арван таван нас хүрээгүй бол (Европын ихэнх улсад арван найман нас хүрээгүй бол) засгийн газар чамайг дайны цагт цэрэгт татаж болохгүй. Дайны бүсэд байгаа хүүхэд тусгай хамгаалалтад байна.
39–р зүйл. Хохирогч хүүхдийг дахин сэргээх
Хэрэв чамайг үл ойшоосон, эрүүдэн шүүсэн, эсвэл хүчирхийлсэн, мөлжлөгийн золиос болгосон, шоронд хорьсон бол чи бие махбодь болон оюун санаа, эрүүл мэндээ сэргээлгэх, дахин нийгэмд орохоор тусгай тусламж авах эрхтэй.
40–р зүйл. Насанд хүрээгүй этгээдийг шүүх ажиллагаа
Хэрэв чи хууль зөрчсөний улмаас гэмт хэрэгтэнд тооцогдсон ч чиний нэр төрийг хүндэтгэж үзнэ. Чи хууль зүйн туслалцаа авах, зөвхөн онц хүнд гэмт хэрэг үйлдсэний төлөө шоронд хоригдох ёстой.
41–р зүйл. Хүний эрхийн дээд стандартыг хүндэтгэх
Хэрэв танай улсын хууль тогтоомжийн зохицуулалт энэ Конвенцийн заалтаас илүү хүүхдэд ашигтай бол хууль тогтоомжийг мөрдөнө.
42–р зүйл. Конвенцийг олон нийтэд таниулах
Засгийн газар Конвенцийг бүх эцэг эх, байгууллага, хүүхдүүдэд таниулах арга хэмжээ авна.
43-54–р зүйл. Засгийн газрын үүрэг Энэ хэсэгт Засгийн газар болон насанд хүрсэн хүмүүс бүх хүүхэд өөрсдийн эрхийг мэддэг болохын төлөө хэрхэн хамтран ажиллахыг заасан болно.