PMS :: Дэмжлэг менежментийн систем - ээс
Монгол ардын сурган хүмүүжүүлэх уламжлалаас...
Монголчуудад хүнээр хүн хийж байсан арвин баялаг туршлага уламжлал бий . Тэд үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ ардын аман зохиолыг өргөн дэлгэр ашиглаж байжээ. Тухайлбал: үлгэр, тууль,зүйр үг ( хүн ахтай ,дээл захтай ), цэцэн үг ( хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцорно) ,түргэн хэллэг (хүрэл илүүр, болор соруул), Жороо үг( Бүргэдийн бүдүүн шувуу , шувууны шонхор галуу ),мэтгэлцээн ,дайралцаан гэж янз янзаар нэрлэдэг үгэн тулаан (хэн булхайцав хэлж өг ...) ,наадам үг ,үгээр мохоох зугаа ( хусан модон юун хэрэг ? урт нь уурга болдог, уртай нь аяга болдог ), гэх зэргээр аман зохиолын төрөл зүйлийг ашиглаж хүүхэд багачуудын хэл яриаг зүгшрүүлж , урнаар өгүүлэх чадвартай болгож,хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлж байсан уламжлал бий .Үүнээс гадна тоглоом наадгайг их ашиглаж байсан.Ялангуяа нэг өвөрмөц зүйл бол монголчууд хүүхдийг хөлд орлоо гээд орхидоггүй аль болохоор хүүхдийг явган явуулж байсанаар барахгүй хөл чангатай болгох олон зүйлийг бүтээсэн байна .Үүнд : Барилдаан,морь уралдах, цүү хаях,нуугдаж тоглох,алчуур хаях, чоно тарвага болох , цагаан тэмээ гэх зэргээр олон олон тоглоомууд ыг нэрлэж болно. Энэ удаад зөвхөн аман зохиолын тухай тайлбарлая.Хүүхдэд аливааг ойлгуулахдаа зүйр үг, цэцэн үгийг ихээр ашигладаг байсан нь хүүхдийн ёс суртахуунд асар үнэтэй , хүчтэй нөлөө болдог байжээ . Өөрөөр хэлбэл цэцэлж , зүйрлэж хэлсэн үг хүний хэлэх гэсэн санааг нь бус дын сэтгэл зүрхэнд нь тустал хүргэж өгдөг ид шидийг мэддэг, хэрэглэж чаддаг байсан гэж ойлгогдоно.Жишээ нь хүүхдийг аргал түүгээд ир гэхэд жаахан дурамжхан байхад нь үглэж загнаж хөөж туухын оронд “ залхуугийн гадаа түлшгүй , залгидгийн гэрт хоолгүй “гэгч болох нь дээ гэхэд хүүхэд инээгээд л аргалдаа явна (Ийм явдалыг би өөрөө харж байсан юм) .Хүүхэд ямарваа нэг юмыг хам хум хийж ,хайш яйш хандахад “ Бушуу туулай борвиндоо баастай “гэж байдаг юм гэж хэлэхэд дараа нь хийх зүйлдээ аажуу ,нямбай хандаж эхлэх л болно.Хичээл номоо үзэхгүй алгуурлаад байх хүүхдэд “сурсан далай , сураагүй балай” гэдэг юм гэх юмуу , “эзэн хичээвэл заяа хичээнэ “ гэдэг юм . Чиний өмнөөс хэн ч юуч хийхгүй , хүсэвч хийж болдоггүй гэх мэтээр хэлэхэд сайн л үр дүн гарна .Гэхдээ хий дэмий цэцэрхсэн оноогүй үг тусгүй гэдгийг санахад гэмгүй .Та хүүхдийг үнэн бөгөөд уран цэцэн үгээр хүмүүжүүлье гэж бодож л байвал өөрөө ихийг уншиж мэдэх хэрэгтэй .Амьдрал гэдэг үнэхээр аугаа багш . Та өөрөө алхам тутамдаа суралцах хэрэгтэй .Таны мэдээгүйг ч хүүхэд тань мэдэж ойлгосон байж болно .Та бүхэнд зориулсан дараагийн хэд хэдэн булан зүйр үг, цэцэн үг,сургаал үг , онч мэргэн үгээр үргэлжлэн хүрэх болно .Бид тодорхой тайлбар зүүлт хийхийн дээр яаж ашиглах вэ гэдэг талаар ч санал бодлоо хэлнэ Түүнийг хэрхэн хүлээж авах яаж хэрэглэхийг эрхэм таны билиг оюун , сонголт мэдэх буйз аа .Хүн аливаа юмыг өөрийнхөөрөө ойлгож , өөрийнхөөрөө болгохыг эрмэлздэг. Заримдаа бүр өөрөө өөрөөсөө төөрөөд явчихдаг ч байж магадгүй .Тиймийн учир та сайтар тунгааж өөрийнхөө сонголтоор ашиглаарай .Яагаад заавал аман зохиол ашиглах ёстой юм бэ? Тэрнээс ч илүү юм өнөөдөр зөндөө байна ш үү дээ гэж бодож болох ч сургаал үгээр хүнийг хүмүүжүүлж ирсэн нь монголчууд бидний хувьд чухам үнэн гэдэгтэй хэн ч маргахгүй .Тэр ч бүү хэл сургаал үгийг эрдэмтэд “Суегар” үг буюу сайшааж магтсан ,урам хайрласан, “Чамилар” үг буюу чамлаж голсон , буруушааж зэмлэсэн гэж хоёр янзаар ангилж үзээд ач тусыг нь сайтар тайлбарласан нь ч байдаг юм . Эрхэм таны мэлмий тунгалаг , оюун цэлмэг байх болтугай .
бичсэн: PEACE төрөл: |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 334